Friday, July 15, 2011

Зүчийн Хаант улс


Зүчийн Хаант улс

Зүчийн хаант улсыг түүхэнд хэд хэдэн янзаар нэрлэдэг. Кипчакийн тал нутаг Зүчийн хаант улсын нутгийн төв нь болж байсан тул оршин сууж байсан нутаг орных нь нэрээр нь "Кипчакийн хант улс" хэмээн түүхэнд алдаршжээ. Орост "Зүчийн улс" гэж нэрлэдэг байсан бөгөөд зарим Монгол сурвалжид ч мөн тийн нэрлэжээ. Зарим сурвалжид "Хөх орд" "Цагаан орд" "Цагаан ордот улс" "Орос дахь Монголын хаант улс" гэх мэтээр нэрлэсэн байна. Гэхдээ хамгийн өргөн түгэн алдаршсан нэр бол "Алтан ордны улс" юм.
1255 онд Чингис хаан дөрвөн хүүдээ нутаг хуваан өгчээ. Ууган хүү Зүчидээ Эрчис мөрнөөс баруун тийш, Хорезмоос хойш Монгол цэргийн морины туурай хүрсэн газрыг өгчээ. Зүчи Урал мөрнөөс зүүн тийш Кипчакийн тал нутгийн зүүн хэсэг Амур, Сыр-даръяа мөрний доод урсгалын Хорезмийн нутгийг эзэмшиж байлаа. Зүчийн хоёрдугаар хөвгүүн Бат 1236-1240 оны хооронд Урал мөрнөөс баруун тийш Волга мөрний дагуу, Кипчак, Болгарыг эзэлж Оросыг эрхшээлдээ оруулсан байна. Эхлээд Рязаны Пронск, Белгород, Ижеславск хотуудыг эзэлжээ. Ока мөрнийг өгсөн Коломна хотыг эзэлж улмаар Москва, Кремлийг авсан байна. Москва гэснийг Мушгуу гэсэн голын нэр, Кремл гэсэн үг, Арбат гэдгийг аравт гэдэг Монгол үгүүд хэмээн зарим судлаачид тайлбарлажээ. 1238 онд Владимир, Ростов, Угмич, Ярославль, Юрьев-Польский, Переярславль, Жнятин, Кошүн, Тверь, Торжак, Дмитров, Волоколамск, Городец, Костром, Галич-Мерский зэрэг хотуудыг эзлэн авчээ.
Алтан ордны улс зүүн тал нь Эрчис мөрнөөс баруун тал нь Днепр мөрөн хүрч, зүүн хойш Болгарт хүрч, умарт тал нь Крым ба Кавказад хүрсэн өргөн уудам нутгийг эзлэж байв. Үүнд дундад Азийн Хорезм, Сыр-даръяа мөрний доод урсгал, Ижил мөрний Болгар, Половец буюу Кипчакийн тал, Крым, Умард Кавказ зэрэг нутгууд багтаж байжээ. Монголын байлдан дагуулагчид бүх Оросыг эзлэн эрхшээлдээ авч чадсангүй, зөвхөн өмнөд ба баруун урд хэсгийг бүрэн эрхшээлдээ оруулжээ. Оросын эзлэгдээгүй бусад нутгийнхан нь Алтан ордны улсын бүрэлдэхүүнд оролгүй алба барьдаг, хараат улсын байдалтай байжээ.
Алтан ордны хаадын дотроос түүхэнд нэр нь алдаршин үлдсэн нь:
Чингис хааны ууган хөвгүүн Зүчи (1223-1237)

Бат (1237-1256)
Бэрх (1257-1266)
Мөнхтөмөр (1266-1280)
Тудамөнх (1280-1287)
Тулабуга (1287-1290)
Тохта (1291-1312)
Үзбек (1312-1342)
Жанибек (1342-1357)
Тогтамыш нар түүхэнд нэлээн тодорхой тэмдэглэгдэн үлджээ. Зүчи, Бат нарын үед Алтан ордны хаан өөрийн улсыг Монгол гүрний нэгэн хэсэг гэж үзэн, Монголын хаанд захирагдаж байсан боловч Бэрх хааны үеэс буюу Юан улс байгуулагдсан цагаас эхлэн биеэ даасан байдалтай болж, удалгүй Монгол гүрнээс бүрмөсөн тусгаарлан салжээ. Алтан ордны улсыг Чингисийн ахмад хөвгүүн Зүчийн үр ач нар толгойлж төр засаг захиргаа, цэргийн зохион байгуулалт нь эхний үед Монголынхтой адил байжээ. Алтан ордны улс мөн баруун, зүүн, төвийн гэсэн гурван хэсэгт хуваагдаж, зүүн, баруун жигүүрийг оглан хэмээх хоёр сайд толгойлж байв. Оглан нарын дараа түмт, мянгат, зуутын ноёд ордог байжээ. Түүнчлэн Алтан ордны хааны дэргэд язгууртан нар, тэдний үр хүүхэд, ах дүү нараас бүрдсэн хишигтэн байдаг байжээ. Алтан ордны улсын цэргийн зохион байгуулалт ийм тодорхой нарийн байсан атал, засаг захиргааны байгуулал нь тиймгүй байжээ. Зүчийн улс, улсын төвийн ба орон нутгийн засаг захиргааны байгуулалтандаа Монгол заншил, эзлэгдсэн орнуудын засаг захиргааны байгуулалтыг хослуулан хэрэглэж байжээ. Мөн эзлэгдсэн орнуудын муж, хот, суурингуудад даргач нарыг тавьж, цэрэг суулган захирдаг байжээ. Алтан ордны улсыг үндэслэн байгуулсан Бат хаан (1237-1256) нийслэл Сарай хотоо байгуулахдаа, Астраханаас холгүй, Ижил мөрний адагт орших нутгийг сонгон авчээ. Алтан ордны хотуудад худалдаа арилжаа хөгжиж, улс орны дотоод амьдрал, гадаад худалдааны явдалд чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Сарай Бат, Сарай Бэрх (одоогийн Волград), тэргүүтэй хот Баруун Европ, Бага Азиас, Дундад Ази, Иран, Монгол, Хятад орох замын уулзвар дээр оршиж Ази, Европын худалдааг холбон дамжуулах газар болж байжээ. Энэ бүхэн нь нэг талаас Алтан ордонд гар урлал хөгжиж ирсний үр дүн, нөгөө талаас Алтан ордны хаадын өөрийн улсын хүчин чадал, нэр сүрийг дээшлүүлэх зорилгоор худалдааны ажлыг дэмжиж, ялангуяа гадаад худалдаанд ихэд анхааран урамшуулж байсантай нь холбоотой юм. Батын ах Орду одоогийн баруун Сибирь Казахстаныг эзлэн "Цагаан ордот" улсыг байгуулжээ.

Алтан Ордны мөхөл

1259 оноос хойш хаан ширээний төлөөх ширүүн тэмцэл өрнөж сульдаж доройтсон тус улсыг 1380 онд Москвагийн оросууд Куликовын тулаанд ялав. Ер нь 14 дүгээр зууны сүүлээр Алтан ордны хаант улс Чингисийн угсааныханы өвөр хоорондын дайн, хүчирхэгжиж буй Мусковчуудын (Москвагийн вант улс) бослогуудаас сульдсан юм. Тохтамыш 1382 онд Алтан ордны улсыг түр нэгтгэсэн ч түүнийг Доголон Төмөр бут ниргэсэний дараа Сарайн Их орд, Астархан, Казань, Крым, Сибирь гэх таван улсад хуваагдаж 15 дугаар зууны сүүл хүртэл Их Орд нэртэйгээр оршсон байна.
1480 онд гуравдугаар 3-р Иван Василевич Axмeд хаанд татвар төлөхөө больж эсэргүүцэл хурцадсанаар орос дахь татар-монголчуудын ноёрхол оршин тогтнохоо больсон байна. Татар монгол гэсэний учир бол энэ үед монголчууд нилээд түрэгжиж Булгар, Кипчакууд дунд ууссан байв. 1502 онд Крымийн татарууд Менгли Гирейтэй ирж Сарайг шатааснаар Алтан ордны сүүлийн амьсгааг тасалсан гэдэг.

0 Сэтгэгдэл:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрвээ та зочин бол Anonymous болон Name/URL сонголтоор үлдээнэ үү?

Зар